Category Archives: байгаль хамгаалал

Шүүхээр шийдсэн 1.3 тэрбум төгрөгөөс Дачин Тамсаг нэг ч төгрөг төлөөгүй байна

 УИХ-ын дарга З.Энхболд  тэргүүтэй хэдэн гишүүд зүүн  бүсийн хязгаарын сумдад очиж ард иргэдэд бараагаа харуулаад иржээ. Хэд хоногийн өмнө Сүбхаатар аймгийн Эрдэнэцагаан суманд очсон тухай мэдээг төвийн хэвлэлээс биш Фэйсбүүкээс харж суулаа.  Эрдэнэцагаан сум Дорнодын Матад сумтай залгаа оршдогоороо ч, Тамсгагийн газрын урагш зөөхөд дамжин өнгөрдөг гол боомт болохын хувьд ч тэр, байгаль орчны болоод эдийн засгийн асуудлыг том түвшинд ярих чухал бүс нутаг мөн бөлгөө.
Өнгөрсөн зун төрсөн нутаг Эрдэнцагаан даа очихдоо Тамсагаас ирж буй газрын тосны цувааг даган давхиж, нэг цуваанд хэдэн машин явааг тоолж үзсэн сэн. Тус бүр нь 60-100 тонн тос багтдаг хүнд даацын 60 гаруй аварга машин газрын хөрсийг  орвонгоор нь эргүүлэх мэт их тоос тэнгэрт хадаан хажуугаар өнгөрч байлаа.  Матадаас зөөж буй газрын тос зөвхөн Матадын байгалийг сүйтгээд зогсдоггүй ээ.
Эрдэнэцагаан сумын малчид энэ тухай, миний л мэдэхийн 6-7 жил гомдол мэдүүлж байгаа. Тосны зам дагуу буусан малчид “бэлчээр талхалж, хөрс эвдэж дууслаа, тоос шороо нь малын уушиг, дотрыг гэмтээж, үс ноосонд нь тоос шигээд болохоо байлаа” гэж байнга хэлдэг.  Харин дээшээ хэлээд хэн ч тоохгүй болохоор нутгийн иргэд нэгдэж, “Эрдэнэцагаан хөдөлгөөн”  төрийн бус байгууллага байгуулж, газар нутгаа хамгаалахын төлөө тэмцэж эхэлсэн. Ерөөсөө Эрдэнэцагааняууд нутаг усныхаа төлөө тэмцэгч олонтой, газар шороогоо бүрэн бүтэн авч үлдэхэд хүн бүр оролцох ёстой гэдгийг нэлээд эртнээс ухаарсан хүмүүс.
   EBold2008 оны зун нутагтаа очиход Эрдэнэцагаан хөдөлгөөний Мөнхөө гуай, Амартайван нарын хэрхэн тэмцэл явуулдагийг зориуд дагаж явж харсан юм. Нүүрс хайгуул нэрээр олон газар ухаж төнхөөд яваа хятадын нэгэн хайгуулын компани дээр шууд явж очоод зөвшөөрлийн бичгээ үзүүлэхийг шаардаж, координатад заасан талбайгаас хэтрүүлж, өөр газарт ухсаныг нь хүртэл зааж сануулж, холбогдох газар нь мэдүүлж,  хариуцлагатай хандаж байсан.   Хүн өөрийгөө нутгийнхаа эзэн гэдгээ бүрэн ухаарсан цагт ийм хариуцлагатай болдог.
Харин Дорнод аймгийн Матад сумынхан бол арай өөр. Тэд дөнгөж саяханыг хүртэл /2011 он/  гэрэл цахилгаангүй, Монголын 350 гаруй сумаас хамгийн хоцрогдсон “харанхуй” сум байлаа. Матад сумын тухай яриагүй, бичээгүй сэтгүүлч бараг үгүй боловч, энэ талаарх мэдээллийг нэгтгэсэн вебсайт 2011 оныг хүртэл байсангүй. Асуудлыг хөндсөн мэдээллүүд цөөнгүй гардаг ч тус тусын сонин хэвлэлүүд нэг удаа мэдээлээд мартагддаг байв. Ард олны санаачилга, сэтгэлийн дуудлагаар иргэд нийгмийн байгууллагууд нэгдэж Тамсагийн асуудлыг хүчтэй хөндөж тавих хүртэл энэ нутаг хаягдсан хязгаар хэвээр байсан юм.
Одоогоос жил хагасын өмнө Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ болоод Тамсаг орчмын байгаль орчны доройтлын  талаарх мэдээллийн олон нийтэд хүргэх нутгийн зорилгоор Ногоон цөм ТББ-ын санаачилгаар мониторингийн төсөл хэрэгжүүлж, https://matad.wordpress.com нэртэй эл сайтыг нээснээр өдгөө гадаад дотоодоос олон мянган иргэд, оюутан залуус байнга зочилдог  болжээ. Энэ бол бидний хувьд нийгэмд хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж буй хэрэг бөлгөө.
 Матад нутгийн ард иргэдтэй байнгын холбоотой байдгийн хувьд, байгаль хамгаалах чиглэлд өөрийн чадах бүхнээ хийж, нутаг орныхоо мэдээллийг гадаадад суугаа нутаг нэгтнүүд, оюутан залуустаа хүргэж, эх нутгийнхаа төлөө гэсэн  тэдний санаа бодлыг элэг нэгтнүүдэд дамжуулах гүүр болж чадсан нь бидний зүтгэлийн нэгэн үр дүн билээ.
УИХ-ын дарга тэргүүлсэн хэсэг гишүүд Матад суманд ажиллах болсоныг дуулаад манай сайтаар зочилж мэдээлэл авдаг уншигчдадаа сүүлийн үеийн мэдээг зуучлан хүргэхээр суусан нь энэ ээ.
 2010 оноос хойш Иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл шүүхээр заргалдаж, Петрочайна Дачин Тамсаг компанийн байгаль орчныг доройтуулсаны нөхөн төлбөр 1.3 тэр бум төгрөгийг нэхэмжилсэн нь гурван шатны шүүхээр давж заалдаад тус компанийн буруутай болохыг тогтоож, төлбөрийг орон нутгийн төсөвт оруулах шийд гарсан. Гэсэн ч өнөө хүртэл энэ төлбөрөөс нэг ч төгрөг ороогүй байгаа гэдгийг Их хурлын даргын аялалын үед тодорхой боллоо.
Гадаад хөрөнгө оруулагчид газар нутгийг сүйтгэж, баялагийг зөөж болдог, хариуд нь иргэд шаардаж, шахаад эхлэхээр “тэгвэл бид гарлаа, явлаа, та нар хөрөнгө оруулагчгүй хохь нь шүү” гэх маягийн юм ярьдаг жишиг тогтож байх шиг байна. МОнгол улс эзэнтэй нь үнэн л юм бол иргэдийн олон жилийн тэмцлийн дүнд олсон “ялалт”-ыг үгүйсгэж, хятдын хөрөнгө оруулагчдын талд үйлчлэхгүй байлгүй дээ гэж найдах л үлдлээ.
Чөлөөт сэтггүүлч миний бие Их хурлын даргыг дагаж явах “визгүй” тул нэгэнт газар дээр нь очиж сурвалжилсан Өнөөдөр сонин дээр гар ТОГЛООМЫН ДҮРМЭЭ ОЙЛГООГҮЙ “ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ”-ИЙНХНЫ ДАВАРСАН САНАЛД ХАРИУ ӨГӨВ нийтлэлээс энд толилуулья.
Цагаан зээрийн нутагт анх удаа очсоных тэр амьтныг харах гэсэн хүсэл тээж явав. Харамсалтай нь Мэнэнгийн талаар хөндлөн гулд гурван цаг гаруй давхихдаа хоёр зээрийн барааг тээр холоос арайхийн олж үзлээ. Цагтаа газар хөдөлж буй мэт үелзтэл давхидаг байсан зээрийн сүрэг өдрийн од мэт ийн цөөрсөн нь газрын тос олборлож буй “Петрочайна Дачин Тамсаг” компанитай холбоотой юм. БНХАУ-ын “Соко интернэйшнл ЛЛС” компаниас лицензийг нь худалдан авч үйл ажиллагаа явуулснаасаа хойш долоон жил болж буй тус компани 2011 онд Бичигтийн боомт хүртэл тавина хэмээн үзэглэсэн замаа өнөөг хүртэл бариагүй. Засгийн газартай гэрээ хийсэн гээд аймаг, орон нутгийн захиргаа, байгууллагуудын шаардлагыг үл тоодог энэ компани өдгөө нефть тээвэрлэх явцдаа 31 салаа зам үүсгэжээ. Одоогоор 521 цооног өрөмдсөнөөс 449 тос усны цооногийг ашиглалтад оруулж, өнгөрсөн онд л гэхэд 3.067 сая баррель буюу 410 тонн газрын тос олборлосон байна.

БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ ХЭВЭЭР ҮРГЭЛЖҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭНГҮЙЛЭН ХҮСЛЭЭ

УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй Ажлын хэсэг зүүн аймгуудад ажилласны гол зорилго нь “Петрочайна Дачин Тамсаг”-ийн үйл ажиллагаатай танилцах байв. “Рио Тинто”-г бодоход хөрөнгө оруулалтын хэмжээ бага, түүхий эдээ хэдийнэ борлуулж, ашиг олоод эхэлчихсэн, урд хөршийн 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компани “Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа урт, төслийн эдийн засгийн үр ашиг бага. Долоон жилийн хугацаанд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн боловч нөхөн төлөгдөөгүй хөрөнгө оруулалтын хэмжээ 1.83 тэрбум ам.доллар болж байгаа. 2007 оноос хойш Гаалийн татвар, Нэмүү өртгийн албан татварын тухай хуульд удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулснаар газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд ашиглаж буй тоног төхөөрөмж, бараа материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, шатахуун, ажилчдын хоол хүнс, ахуйн болон хувийн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах болсон.

2010 оноос гадаадаас оруулж ирсэн ажиллах хүчний тоогоор ажлын байранд төлбөр ногдуулах болсон. Ойрын үед Монгол Улсын Засгийн газар Газрын тосны тухай хууль болон Газрын тухай багц хуулиудад их хэмжээний татвар хураамж оногдуулах, ашигт тосны хувь болон рояалтийн хэмжээг өөрчлөхөөр бэлдэж байна. Хэрэв эдгээр хуульд дээрх өөрчлөлт орвол компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болж, алдагдал хүлээхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтаа нөхөн олж чадахгүй байдал үүсэхээр байна” хэмээн УИХ-ын даргад танилцуулж сууна. Газрын тосны салбарт хууль эрх зүйн тогтвортой орчин бүрдүүлж, хоёр талын харилцан ашигтай, эдийн засгийн өгөөжтэй, хамтын ажиллагаа явуулах үүднээс Бүтээгдэхүүн хуваах гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна хэмээн нэмж хэлэв. Ерөнхийдөө Монголын Засгийн газар янз бүрийн татвар авч, биднийг шулж, төслийг ашиггүй болгож байна. Энэ янзаараа үргэлжилбэл бид төслийг зогсооно гэсэн санааг илэрхийлэв. Тус компани байгаль орчинд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь гурван шатны шүүхээр орж, орон нутгийн талд шийдэгдээд багагүй хугацаа өнгөрч буй.

Гэтэл Дорнод аймгийн төсөвт нэг ч төгрөг төлөхгүй явсаар байгаа. Энэ талаар “Петрочайна Дачин Тамсаг” компанийн байгаль орчны асуудал хариуцсан хуульч Ван Юнаас тодруулахад “Одоогоор энэ асуудал шийдэгдээгүй, Дээд шүүх шалгаж байгаа. Ер нь нэг нотлох баримттай, нэг асуудлаар гурван шүүхэд хандсан нь хууль зөрчиж байгаа хэрэг. Эхлээд Матад сумын нэг иргэн, аймгийн Засаг дарга шүүхэд хандаад өргөдлөө буцааж авсан. Тиймээс энэ асуудал одоохондоо шийдэгдэх боломжгүй” гэсэн хачирхалтай хариулт сонслоо. Чухам ямар хуулийн заалтыг зөрчөөд байгаа тухай лавлахад хуулийнх нь нэрийг орчуулагч нь ч тайлбарлаж чадахгүй байлаа. Дээд шүүхийн шийдвэр хэдийнэ гарчихаад байхад Дээд шүүхийг хүлээж байна гэснээрээ сохор зоос ч төлөх сонирхолгүй байгаагаа харуулав. Хар зам тавиагүй, 31 салаа зам гаргаж Бичигтийн боомтоор өдөрт 80-100 машинаар нефть зөөж байгаа атлаа бас Баянхошууны боомтын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаард лагатай байна хэмээн УИХ-ын даргад хүсэлт тавьсан. Бүтээгдэхүүн хуваах гэрээг хэвээр үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна гэсэн үгийг хэд хэдэн удаа хэлээд авсан. Уг гэрээгээр бол олборлосон тосны 40 хувийг “Петрочайна Дачин Тамсаг” компани хайгуул, олборлолтынхоо зардалд, үлдсэн 60 хувийг 60:40-өөр тус компани болон Засгийн газар хувааж хүртдэг. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах нь амин чухал байсан үед хийсэн гэрээ учраас нөгөө талдаа хэтэрхий ашигтай болсон хэрэг. Харин одоо бол харилцан ашигтай байх нь гол бодлого учраас гэрээг дахин нягтлах шаардлагатай гэдгийг УИХ болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Г.Уянга онцолсон. Тус компани 2013 онд 313 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 650 мянган тонн газрын тос олборлохоор төлөвлөжээ. Хэ рэв энэ нь биелбэл олборлолтоос 537 сая ам.долларын орлого олохоос Засгийн газар 120 сая, “Петрочайна Дачин Тамсаг” 350 сая ам.долларыг хүртэх бөгөөд тус компанийн нийт алдагдлын хэмжээ 1.46 тэрбум ам.долларт хүрэх гэнэ.

ЗАМ БАРИХГҮЙ БОЛ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ ГЭВ

Энэ бүх зовлон бэрхшээлийг сонссоны эцэст УИХ-ын дарга З.Энхболд “загатнасан газар маажиж”, даацтай хариулт өгсөн юм. Тэдний ярьсан хүндрэл бэрхшээл нь тус компанийн хүлээх эрсдэл, хариуцлага гэдгийг юуны өмнө анхааруулав. Долоон жилийн өмнө “Соко интернэйшнл ЛЛС”-тэй гэрээ байгуулахдаа тоглоомын дүрмийг хүлээн зөвшөөрсөн тул гэрээнд заасны дагуу ажиллахаас аргагүй гэд гийг сануулсан. “Жилийн өмнө ашиглалтад орох ёстой замыг одоо хүртэл бариагүй байгаа нь танай компанийн хариуцлагатай холбоотой. Цаашид зам барихгүй бол тээвэрлэлтийг зөвшөөрөх боломжгүй. Хуулиа мөрдөх ёстой. “Петрочайна Дачин Тамсаг” бол том компани. Тиймээс бизнесийн төлөвлөгөөгөө олон арван жилээр харж хийхийн оронд ойр зуурын юм ярьж болохгүй” хэмээн З.Энхболд дарга хэлэв. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тус компанийг зөвхөн зовлон тоочиж байгааг шүүмжилсэн бол Х.Болорчулуун гишүүн “Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орно. Гэрээ нь хуулийн дагуу харилцан ашигтай байж тогтвортой байх учиртай. Газрын тосны шинэ хуулиар орон нутагт үлдэх үр шим илүү нэмэгдэнэ. Өрмийг нь аваад, хусмыг нь үлдээж таарахгүй. Гэрээний зарим зүйл Монголд ашиггүй байгааг дахин харах шаардлагатай” гэв. Тус компанид ажиллаж буй 300 гаруй монгол ажилчид арван сар хөөцөлдсөний эцэст энэ оны эхээр цалингаа “нэмүүлсэн”.

Өөрөөр хэлбэл, өмнө нь олгодог байсан хээрийн нэмэгдэл гэх өдрийн 10 ам.долларын 7.5-ыг нь үндсэн цалин дээр нь нэмж тооцож байгаа аж. Иймд үндсэн цалингаас суутгасан, хээрийн нэмэгдлийг шууд олгосноос ялгаагүй болж, ажилчдын гар дээрээ авч байгаа мөнгө огт нэмээгүй талаар монгол ажилчид УИХ-ын даргад дуулгаж, учир зовлонгоо ярьсан. Түүнч лэн 40 хоног ажиллаад, 20 хоног амрах нөх цөл нь ганц бие залууст гэр бүл зохиоход тушаа болохын зэрэгцээ залуу хосуудыг салахад хүргэж байгаа аж. Өмнөд хөршид амьдрах өртөг харьцангуй хямд. Харин тэр өртгийг бодолцож бус, Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын жишгээр ажилчдын цалинг олгох, тохилог орон сууцны хороолол, цэцэрлэг сургууль байгуулж, цаашлаад, гэр бүлээрээ амьдрах орчинг бүрдүү- лэх шаардлагатайг УИХ-ын дарга З.Энхболд анхааруулсан. “Цаасан ээр байгуулдаггүй нийгмийн лиценз гэж байдаг. Энэ бол ард түмнээс танай компанийн хийж бүтээсэнд өгөх үнэлэмж” хэмээн нэмж хэлээд хэрхэн хөрөнгө оруулдгийг нь харъя гэвэл “Энержи Ресурс”-ийн кэмпэд зочлоорой хэмээн урив. Эцэст нь ямар нэгэн зүйлийг шаардуулалгүйгээр, өөрсдөө хэр санаачилгатай ажиллахаас тус компанийн Засгийн газарт тавьсан олон асуудал хэрхэн шийдэгдэх нь хамаарна гэдгийг хэллээ. Ингэснээрээ “Петрочайна Дачин Тамсаг” компанийг шахаж байгаа хэрэг биш. Тус компанийн ачаар Монгол Улс нефть экспортлогч орон болж, Монголд газрын тосны үндэсний мэргэжилтнүүд бий болж, уг салбар хөгжиж буйг З.Энхболд дарга дурдахаа мартаагүй юм. Тамсагийн сав газраас олборлосон тосыг Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрт боловсруулаад сар бүр 10 мянган тонныг авах гэрээ хийгээд ирэх сараас авч эхлэх тухай сайхан мэдээг УИХ-ын дарга дуулгасан. Ингэснээр нефтийн бүтээгдэхүүний үнийг бууруулахад онцгой нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.

 

ShuudTV-ийн мэдээ

http://www.youtube.com/watch?v=KQW36hYfMsc&feature=related

Дачин Тамсагийн “үйлдвэрлэсэн” олон салаа зам

Read the rest of this entry

Тамсагийн олон салаа замд төөрч будилсан хэд хоног

Бороо хур ихтэй энэ зуны хоёр дахь удаагийн хол замын аялал адал явдал ихтэй эхлэв. Саяхан орсон борооны ус замын хонхорыг дүүргээд, хэвгий газрыг бүхэлд нь бүрхэж тогтсон нь багахан хэмжээний нуур тойром гэмээр харагдана. Шавар шалбааг ихтэй энэ өдрүүдэд Матадад  хийсэн аялал маань эхнээсээ л багагүй бэрхшээлтэй тулгарлаа.

Матадаас Мэнэн орох замд ...

Матад сумаас өглөө эртлэн  гарч, 200 орчим км яваад Мэнэнгийн талд байрлах газрын тосны 21 талбайд очих байлаа.

Нутгийн жолооч зам сайн мэднэ гэж найдаж байсан боловч тэрээр “энэ замбараагүй олон салаа замаас болоод бид чинь төрсөн нутагтаа төөрдөг болоод байгаа” гэж ярьсан нь хэтрүүлэг биш байв.

Үд өнгөрч байхад Дачин Тамсаг дээр очиж, компанийн байгаль орчны хэлтэсийн дарга Нямсүрэнтэй уулзаж хэсэг ярилцаад цааш хөдлөв. Нарны эртэд газар дөхөе гэж аминдаа яарсан боловч, замаа ололгүй төөрсөөр нар жаргахыг үздэг юм байна. Төдөлгүй харуй бүрий болоход  аялалын зүг чигээ алдсан бид түгшиж эхлэв.

Дачин Тамсаг компанийн БО хэлтэсийн дарга Нямсүрэн. Photo by mobile phone

 

Хэсэгхэн яваад л хөндлөн зам ороод ирнэ, эсвэл гол зам маань хоёр, гурван тийшээ салж одно. Чухам аль нь биднийг Мэнэн рүү хүргэхийг хэлж хэн ч чадахгүй. Газрын баримжаа авахад хэцүү, хаашаа ч харсан ав адилхан тэгш тал цэлийнэ. Осолдохгүй зүүн зүгийг барих ёстой тул тэр зүгийг сонгосоор, сүүлдээ бараг хилийн шугамд дөхөж ирснээ мэдэв.

Дачин тамсаг Компанийн байрны өмнө талбай

Зам асуух гэж зөрж өнгөрөх ачааны том том машинуудыг амдан гар өргөх боловч  ихэнх нь зогссонгүй.  Шөнө оройн цагаар замд тааралдсан хүнд зогсож өгдөггүйн учрыг нутгийн хөтөч, хятад жолооч нар монголчуудаас айдаг болохоор тэр гэж тайлбарласан юм.  Азаар нэг машин зогсоход манай хөтөч, аварга том тэрхүү машины кабин өөд авиран, хятад жолоочтой үл хэлээ ололцох гэж хуруу гараараа зангаж буй нь харанхуй дунд бүдэг бадагхан үзэгдэнэ. Кабинаас толгойгоо цухуйлгасан хятад жолооч монголоор ойлгохгүйгээ дохио зангаагаар мэдэгдээд цааш одно.

Тамсагийн замд төөрч, будилан ийн хэд хонохдоо нутгийн иргэд нь ч өвөлжөө хаваржаагаа олж очихоо болиход хүргэсэн энэ замбараагүй сүлжилдсэн олон зам үүсгэсэн Петрочайна Дачин Тамсаг компани яагаад хариуцлага хүлээдэггүй билээ гэж бодохоор уур хүрч явлаа.

Матадын үдэш

Хааяа ганц нэг тааралдах монгол жолоочоос зам асуухад ихэнх нь мөн л төөрч явсаар ирснээ хэлнэ.  Ховорхон дайралдах, зам сайн мэдэх жолооч дараахь байдлаар зам заана.  “Одоо эндээс … орчим км яваад зам сална, тэндээсээ баруун (эсвэл зүүн) гараа бариад яв, тэгээд ….орчим км яваад дахин зам гурав (эсвэл дөрөв) сална, тэрний дундах замыг аваад явж байтал чинь замын хажуу талд нэг шон харагдана… тэндээсээ чанх хойшоо гарсан замыг бариад яваад бай…., газрын тосны дохиурын гэрэл харагдана… гэх мэт.

Хамт яваа нөхдийн маань хамгийн ой сайтай нь дээрх зааврыг цээжилсэн байх ёстой, хэрэв цээжилж аваагүй бол дараагийн сайн зам заагч дайралдах хүртэл дахиад төөрнө. Ийм явдал бидэнд хэд хэдэн удаа тохиолдсон юм.  Аялагчдын  ой санамжийг  шалгасан энэ заавар дандаа үнэн зөв байсангүй. Зам заагч маань өөрсдөө ч  тэрхүү олон замын хаана салж нийлж байгааг тэр бүр мэдэхгүй.

Энэ мэт төөрсөөр өдөр олоогүй замаа шөнө олно гэж үгүй тул ойр айл бараадаж өглөө болохыг хүлээхэд хүрсэн юм.

Шаварт суув.. photo by mobile phone

шаварт суув... photo by mobile phone

Адал явдал ихтэй урт замыг ийн туулахдаа нутгийн иргэд хэрхэн Тамсагийн энэ олон салаа замд төөрөн хөхөө өвлийн хүйтэнд хөлдөх, хүйтэн намрын бороонд осгох, машин тэрэг нь эвдэрч суух, тэр бүү хэл амь нас эрүүл мэндээрээ хохирч байсан түүхийг сонсов.

Энэ үнэхээр хөндөх ёстой чухал сэдэв биш гэж үү? Салаа замын гай-г зөвхөн дурьдаад орхих ёстой юу?

Энэ магадгүй манай  “Матадын хяналт” салбар зөвлөлийнхний хийх дараагийн ажил байж болох юм.

Орон нутагт ажиллаж байгаа уул уурхайн компанийн үйл ажиллагаанд нутгийн иргэд хяналт тавьж байх ёстой. Иргэний хяналт оролцоог сайжруулах тухай байнга ярьж байгаа ч тэд яг юу хийх, хаана хэнд хандахаа сайн ойлгохгүй байдал өнөө хүртэл хэвээр байгаа нь үнэн. Иргэдийг идэвхжүүлэх, чадавхижуулахын төлөө энэ төслийг хэрэгжүүлж байгаагийн хувьд одоо бидний дараагийн алхам бол, энэ олон салаа замыг цэгцлэх ажлыг эхлүүлэх хэрэгтэй гэж ойлгов.

Өнгөрсөн хавраас хойш бидний хамтын ажиллагааны дүнд бий болсон, “Матадын иргэний хяналт” нэртэй орон нутгийн салбар зөвлөлийн гишүүд, үзэл бодол нэгт нөхдийнхөө оролцоотойгоор энэ олон салаа замын учрыг олж цэгцлэх ажлыг санаачлан, Дачин Тамсаг компанид хандан, тосны зам бүрийн уулзвар дээр таних тэмдэг тавих, сум орон нутаг хоорондын зам салсан уулзвар бүр дээр зохих таних тэмдэг тавих ёстой гэсэн шаардлагын хүргэх нь зүйтэй гэдгийг бид өөр хоорондоо ярилцаж явлаа.

Тамсагийн цэнхэр хязгаарт аялахаар …

Дорнод аймгийн Матад сумын нутаг, Тамсагийн газрын тос олборлолтын талаар мэдээлэл цуглуулах, иргэдийн санаа бодлыг сонсох зорилгоор “Тамсагийн цэнхэр хязгаар”руу “Ногоон цөм”  тбб-ын хамт олон бид ээлжит аялалаа хийж байна.

taliin udesh

photo by Otgo

Тамсагт аялах гэж байгаа зорилго маань газрын тос олборлож эхэлснээс хойш арав гаруй жил өнгөрөөд байгаа ч орон нутгийн иргэд төдийлөн сайнаар дурсдаггүй эл компанийн ажиллагааг газар дээр нь очиж үзэх, олсон мэдээллээ бусадтай хуваалцах сонирхол төрсөн хэрэг. Тус компанийн хаалга жирийн иргэний өмнө хэр зэрэг нээгддэг, иргэний нийгмийн байгууллага, жирийн иргэдийн хүсэлтийг хэрхэн хүлээн авахыг тандахаар шийдлээ. Read the rest of this entry