“Петрочайна Дачин Тамсаг” ХХК шүүхээс нэхэмжилсэн 1.3 тэрбумыг барагдуулж дуусчээ

Монголд байгаль хамгаалал, экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй тбб бүртгэлтэй гэдэг. Тэдгээрийн олонхи нь гал халуун тэмцэгчид гэхээсээ мод цэцэг, хүнсний ногоо тарьж, амь амьжиргаандаа нэмэрлэхийн зэрэгцээ иргэдэд энэ талын мэдлэг олгох, мэдээлэл түгээх чиглэлээр ажилладаг, сайндаа л 3-5 гишүүнтэй тбб байдаг юм. Гал Үндэстний Мөнхбаярын буу шийдэм агссан хэрэг явдлаас хойш, байгаль хамгаалах үйлсэд сэтгэл зүрхээрээ зориулж яваа иргэд, ИНБ-ынхан “700 шантаажчин” “рекетчин” цол гуншин зүүх болов.

Тэднийг “Гал Үндэстэн”ий Мөнхбаярын хамсаатан болгон бичих нь магадгүй, хэтэрхий “өргөсөн” явдал ч байж мэднэ.

Харин энэ мэдээлэл бол сүүлийн үед алдаршаад буй “700 шантаажчин” гэсэнд багтааж болохоор ч юм уу гэж санагдаад .., яагаад гэвэл, Петрочайна Дачин Тамсаг ХХК-аас байгаль орчныг доройтуулсны нөхөн төлбөрт 1,3 тэрбум төгрөгийг Матад сумын төсөвт оруулахаар шүүхийн шийдвэрийг гаргуулж чадсан болохоор бас ч муугүй рекет хийсэн гэмээр. /энэ бол наргиа шүү/

Үнэндээ энэ бол Тамсагийн цэнхэр хязгаар гэж дуунд мөнхөрсөн эл нутагт газрын тос олборлож эхэлсэн тэртээ 20 хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад өдгөө унаган байгаль хэрхэн эвдэрч, дэлхийд ганцхан үлдсэн Мэнэнгийн уудам тал яаж хохирсныг үзэж сэтгэл эмзэглэн, ярьж хэлэлцэж, бичиж, тэмцэж ирсний үр дүн өнөөдөр хэрхэн гарсныг өгүүлэх гэсэн хэрэг ээ. Тамсагийн сав газраас газрын тос олборлож байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Петрочайна Дачин Тамсаг компанитай хийсэн иргэдийн энэхүү зарга бол олон байгууллага, хувь хүмүүс, төрийн албан хаагчид болон иргэдийн эх нутгаа гэсэн сэтгэл шингэсэн зүтгэлийн үр дүн байсан юм аа.
Шүүхэд нэхэмжлэн он удаан жил заргалдсан эл ажлын эцсийн дүн нь ИНБ-ын талд шийдэгдсэн нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ЗГ төрийн томчуултай тохироод, орон нутгийн иргэд, засаг захиргааг юу ч биш гэж үл тоомсорлодог жишиг тогтсоныг, ИНБ-ын оролцоо,иргэдийн зүтгэлээр өөрчилж болдогийг, мөн энэ нийгмийн алдаа завхралыг засаж залруулах боломжтойг харуулсан нэг алхам байсан юм.

Шүүх хурал дээр сууж байхад нэг ажиглагдсан зүйл бол (Ногоон цөм ТББ-энэ асуудлыг хөндөж, бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж юу болох, 20 гаруй жил Газрын тосоо олборлуулж байгаа Матад сум яагаад гэрэл цахилгаан ч үгүй, иргэд нь ажилгүй, хамгийн ядуу сум хэвээр байгаа вэ гэдгийг интернет мэдээлийн сайт, МҮОНТВ-ээр бүх талыг оролцуулан хэлэлцүүлж байсны хувьд) Матад сум, Тамсагийн талаарх иргэд олон нийтийн санаа бодлыг нэлээд сайн судалж, ойлгосон шинжтэй, шүүгчийн зүгээс тавьж байгаа асуулт нь бидний судалгааны
явцад гаргасан санал асуулгын хариулт, хандлагатай нэлээд олон үзүүлэлтээр давхцаж байсныг анзаарсан.

Ингээд “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” /МБХИХЭ/-ээс ирүүлсэн албан мэдээг толилуулж байна.

МБХИХЭ ТББ нь 2010 оны 1 дүгээр сараас эхлэн Дорнод аймгийн Матад сум, Тамсагийн сав газарт Монгол Улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлт хийж буй “Петрочайна Дачин Тамсаг /Монгол/” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учирч, нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж эхэлсэн тул Матад сумын иргэдийн эрх ашгийг хамгаалах стратегийн өмгөөлөл явуулж, 2011.09.05-ны өдөр дараахь шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан билээ. Үүнд:
1. “Петрочайна Дачин Тамсаг /Монгол/” ХХК нь өөрийн үйл ажиллагааны явцад Дорнод аймгийн Матад сумын байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хангалтгүй явуулсан гэдгийг тогтоох,
2. “Петрочайна Дачин Тамсаг /Монгол/” ХХК-ийг байгаль хамгаалах төлөвлөгөөний дагуу байгаль хамгаалах ажиллагаа явуулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэхийг хариуцагчид даалгах,
3. Тус нутагт оршин сууж байгаа иргэд болон байгаль орчинд учирсан хохирлыг тооцож, нөхөн төлбөр тогтоон сумын ард иргэд болон сумын ИТХ-д олгуулах зэрэг шаардлага байсан.
МБХИХЭ-ийн нэхэмжлэлтэй хэргийн анхан шатны шүүх хурал 3 удаа хойшилж 2012.04.17-ны өдөр 4 дэх удаадаа хуралдаж 854 тоот шийдвэрээр “Петрочайна Дачин Тамсаг /Монгол/” ХХК нь Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутагт газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүй болохыг тогтоож, байгаль орчинд учирсан хохирол болох 1,356,622,460 төгрөгийг тус компаниас гаргуулж Матад сумын төсөвт олгохыг даалгасан.
Гэтэл хариуцагч ПЧДТ /Монгол/ ХХК энэхүү шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах гомдлыг Нийслэлийн шүүхэд гаргасныг тус шүүх 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхисон юм.
ПЧДТ /Монгол/ ХХК Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг бас үл зөвшөөрч Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргасныг Дээд Шүүх 2012.10.04-ны өдөр хянан хэлэлцээд БЗД-ийн Шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 854 тоот шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 519 тоот магадлалыг тус тус хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзсэн.
ПЧПТ /Монгол/ ХХК Мөн 2012 оны 12 дугаар сарын 06-нд дахин Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтод хандаж хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэргүүцэл бичүүлэхээр гомдол гаргасныг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хянаад үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.
Ийнхүү шүүх байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилсэн ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, экологийн хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг анх удаа гаргасан нь хариуцлагагүй үйл ажиллагаа явуулдаг, хууль зөрчдөг компаниудад томоохон дохио сануулга өгсөн, дахин ийм хэрэг гарахгүй байх жишиг тогтоосон шударга үйл болсон юм.
Гэтэл ПЧДТ /Монгол/ ХХК үл зөвшөөрч, цаг хугацаа хожих, шүүхийн шийдвэр гүйцэтгэлд саад учруулахын тулд 2013.02.28 болон 2013.05.23-нд 2 удаа “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай” хүсэлтийг Улсын Дээд Шүүхэд гаргасныг 2013.04.04, 2013.06.25-ны өдрүүдэд хэлэлцээд хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсан билээ.
Ингэснээр 3 жил гаруй үргэлжилсэн энэхүү хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, төлбөр барагдуулах ажиллагааг 2013 оны 01 дүгээр сарын 05-аас хурдан шуурхай явуулснаар байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөр Дорнод аймгийн Матад сумын төсөвт 8 сарын хугацаанд бүрэн орж, төлбөр барагдуулах ажиллагаа дууссан байна.
Энэ бүх үйл ажиллагаанд төр, засаг, олон нийтийн анхаарлыг хандуулах, шүүх хуралд оролцох, нотлох баримтуудыг бүрдүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй хамтран нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулахад МБХИХЭ-ийн тэргүүн, гүйцэтгэх захирал, ажлын алба, хуульч өмгөөлөгчид, сэтгүүлчид, эвслийн гишүүн хөдөлгөөнүүд, орон нутгийн иргэд болон бусад ТББ-ууд шинжээчид зэрэг олон арван хүн өөрийн хүсэл зориг, оюун ухаан, хүч хөдөлмөр, тэсвэр хатуужил гарган, тууштай хамтран ажилласныг тэмдэглэх нь зүйтэй.

“ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ ХХК- хэргээ дахин хянуулах хүсэлтэд шүүх хариу өгчээ

Т.Тайванжаргал

“Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” /МБХИХЭ/ ТББ-ын нэхэмжлэлтэй, 3 дахь жилдээ шуугиж байгаа Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК-д холбогдох хэрэгт Монгол Улсын 3 шатны шүүхийн шийдвэр гарч тус компани нь Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутагт газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүй болохыг тогтоож, байгаль орчинд учирсан хохирол болох 1,356,622,460 төгрөгийг тус компаниас гаргуулж Матад сумын төсөвт олгохыг даалгасан билээ.

Kan darga

Kan darga

Гэтэл хариуцагч ПЧДТ /Монгол/ ХХК 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2 дахь удаагаа шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг Улсын Дээд Шүүхэд гаргасныг 2013 оны 06 дүгээр сарын 25-ний өдрийн хурлаар авч хэлэлцээд хүсэлтэд дурдаж, хавсаргасан баримтууд нь шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож, хариуцагчийн хүсэлтийг хангахад хамаарал бүхий баримт биш гэж шүүх бүрэлдэхүүн үзээд хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзлаа.
matad webzurag3
Монголын шүүх удаа дараа шинээр илэрсэн нөхцөл байдал үүсээгүйг тогтоосоор байхад 2012 оны 06 сараас оноос хойш буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хийсэн эвдэрсэн газрыг нөхөн сэргээсэн тухай акт, хөрсөн хийсэн лабораторийн сорилтын дүн, ус, хөрс шинжилсэн тухай Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлт зэрэг цаг хугацаа болоод агуулгын хувьд хэрэгт огт хамаарахгүй нотлох баримтуудыг гаргаж ирж тавьсан байна.
Одоогийн байдлаар Петрочайна Дачин Тамсаг /Монгол/ ХХК-ний тосны машинууд нь сайжруулсан замаараа явдаггүй, олон салаа зам гаргасан, тоосжилт маш их хэвээрээ байгаа гэж нутгийн иргэд мэдээллээ.
Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл, Матад сумын иргэд
Утас: 70143848

Шүүхээр шийдсэн 1.3 тэрбум төгрөгөөс Дачин Тамсаг нэг ч төгрөг төлөөгүй байна

 УИХ-ын дарга З.Энхболд  тэргүүтэй хэдэн гишүүд зүүн  бүсийн хязгаарын сумдад очиж ард иргэдэд бараагаа харуулаад иржээ. Хэд хоногийн өмнө Сүбхаатар аймгийн Эрдэнэцагаан суманд очсон тухай мэдээг төвийн хэвлэлээс биш Фэйсбүүкээс харж суулаа.  Эрдэнэцагаан сум Дорнодын Матад сумтай залгаа оршдогоороо ч, Тамсгагийн газрын урагш зөөхөд дамжин өнгөрдөг гол боомт болохын хувьд ч тэр, байгаль орчны болоод эдийн засгийн асуудлыг том түвшинд ярих чухал бүс нутаг мөн бөлгөө.
Өнгөрсөн зун төрсөн нутаг Эрдэнцагаан даа очихдоо Тамсагаас ирж буй газрын тосны цувааг даган давхиж, нэг цуваанд хэдэн машин явааг тоолж үзсэн сэн. Тус бүр нь 60-100 тонн тос багтдаг хүнд даацын 60 гаруй аварга машин газрын хөрсийг  орвонгоор нь эргүүлэх мэт их тоос тэнгэрт хадаан хажуугаар өнгөрч байлаа.  Матадаас зөөж буй газрын тос зөвхөн Матадын байгалийг сүйтгээд зогсдоггүй ээ.
Эрдэнэцагаан сумын малчид энэ тухай, миний л мэдэхийн 6-7 жил гомдол мэдүүлж байгаа. Тосны зам дагуу буусан малчид “бэлчээр талхалж, хөрс эвдэж дууслаа, тоос шороо нь малын уушиг, дотрыг гэмтээж, үс ноосонд нь тоос шигээд болохоо байлаа” гэж байнга хэлдэг.  Харин дээшээ хэлээд хэн ч тоохгүй болохоор нутгийн иргэд нэгдэж, “Эрдэнэцагаан хөдөлгөөн”  төрийн бус байгууллага байгуулж, газар нутгаа хамгаалахын төлөө тэмцэж эхэлсэн. Ерөөсөө Эрдэнэцагааняууд нутаг усныхаа төлөө тэмцэгч олонтой, газар шороогоо бүрэн бүтэн авч үлдэхэд хүн бүр оролцох ёстой гэдгийг нэлээд эртнээс ухаарсан хүмүүс.
   EBold2008 оны зун нутагтаа очиход Эрдэнэцагаан хөдөлгөөний Мөнхөө гуай, Амартайван нарын хэрхэн тэмцэл явуулдагийг зориуд дагаж явж харсан юм. Нүүрс хайгуул нэрээр олон газар ухаж төнхөөд яваа хятадын нэгэн хайгуулын компани дээр шууд явж очоод зөвшөөрлийн бичгээ үзүүлэхийг шаардаж, координатад заасан талбайгаас хэтрүүлж, өөр газарт ухсаныг нь хүртэл зааж сануулж, холбогдох газар нь мэдүүлж,  хариуцлагатай хандаж байсан.   Хүн өөрийгөө нутгийнхаа эзэн гэдгээ бүрэн ухаарсан цагт ийм хариуцлагатай болдог.
Харин Дорнод аймгийн Матад сумынхан бол арай өөр. Тэд дөнгөж саяханыг хүртэл /2011 он/  гэрэл цахилгаангүй, Монголын 350 гаруй сумаас хамгийн хоцрогдсон “харанхуй” сум байлаа. Матад сумын тухай яриагүй, бичээгүй сэтгүүлч бараг үгүй боловч, энэ талаарх мэдээллийг нэгтгэсэн вебсайт 2011 оныг хүртэл байсангүй. Асуудлыг хөндсөн мэдээллүүд цөөнгүй гардаг ч тус тусын сонин хэвлэлүүд нэг удаа мэдээлээд мартагддаг байв. Ард олны санаачилга, сэтгэлийн дуудлагаар иргэд нийгмийн байгууллагууд нэгдэж Тамсагийн асуудлыг хүчтэй хөндөж тавих хүртэл энэ нутаг хаягдсан хязгаар хэвээр байсан юм.
Одоогоос жил хагасын өмнө Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ болоод Тамсаг орчмын байгаль орчны доройтлын  талаарх мэдээллийн олон нийтэд хүргэх нутгийн зорилгоор Ногоон цөм ТББ-ын санаачилгаар мониторингийн төсөл хэрэгжүүлж, https://matad.wordpress.com нэртэй эл сайтыг нээснээр өдгөө гадаад дотоодоос олон мянган иргэд, оюутан залуус байнга зочилдог  болжээ. Энэ бол бидний хувьд нийгэмд хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж буй хэрэг бөлгөө.
 Матад нутгийн ард иргэдтэй байнгын холбоотой байдгийн хувьд, байгаль хамгаалах чиглэлд өөрийн чадах бүхнээ хийж, нутаг орныхоо мэдээллийг гадаадад суугаа нутаг нэгтнүүд, оюутан залуустаа хүргэж, эх нутгийнхаа төлөө гэсэн  тэдний санаа бодлыг элэг нэгтнүүдэд дамжуулах гүүр болж чадсан нь бидний зүтгэлийн нэгэн үр дүн билээ.
УИХ-ын дарга тэргүүлсэн хэсэг гишүүд Матад суманд ажиллах болсоныг дуулаад манай сайтаар зочилж мэдээлэл авдаг уншигчдадаа сүүлийн үеийн мэдээг зуучлан хүргэхээр суусан нь энэ ээ.
 2010 оноос хойш Иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл шүүхээр заргалдаж, Петрочайна Дачин Тамсаг компанийн байгаль орчныг доройтуулсаны нөхөн төлбөр 1.3 тэр бум төгрөгийг нэхэмжилсэн нь гурван шатны шүүхээр давж заалдаад тус компанийн буруутай болохыг тогтоож, төлбөрийг орон нутгийн төсөвт оруулах шийд гарсан. Гэсэн ч өнөө хүртэл энэ төлбөрөөс нэг ч төгрөг ороогүй байгаа гэдгийг Их хурлын даргын аялалын үед тодорхой боллоо.
Гадаад хөрөнгө оруулагчид газар нутгийг сүйтгэж, баялагийг зөөж болдог, хариуд нь иргэд шаардаж, шахаад эхлэхээр “тэгвэл бид гарлаа, явлаа, та нар хөрөнгө оруулагчгүй хохь нь шүү” гэх маягийн юм ярьдаг жишиг тогтож байх шиг байна. МОнгол улс эзэнтэй нь үнэн л юм бол иргэдийн олон жилийн тэмцлийн дүнд олсон “ялалт”-ыг үгүйсгэж, хятдын хөрөнгө оруулагчдын талд үйлчлэхгүй байлгүй дээ гэж найдах л үлдлээ.
Чөлөөт сэтггүүлч миний бие Их хурлын даргыг дагаж явах “визгүй” тул нэгэнт газар дээр нь очиж сурвалжилсан Өнөөдөр сонин дээр гар ТОГЛООМЫН ДҮРМЭЭ ОЙЛГООГҮЙ “ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ”-ИЙНХНЫ ДАВАРСАН САНАЛД ХАРИУ ӨГӨВ нийтлэлээс энд толилуулья.
Цагаан зээрийн нутагт анх удаа очсоных тэр амьтныг харах гэсэн хүсэл тээж явав. Харамсалтай нь Мэнэнгийн талаар хөндлөн гулд гурван цаг гаруй давхихдаа хоёр зээрийн барааг тээр холоос арайхийн олж үзлээ. Цагтаа газар хөдөлж буй мэт үелзтэл давхидаг байсан зээрийн сүрэг өдрийн од мэт ийн цөөрсөн нь газрын тос олборлож буй “Петрочайна Дачин Тамсаг” компанитай холбоотой юм. БНХАУ-ын “Соко интернэйшнл ЛЛС” компаниас лицензийг нь худалдан авч үйл ажиллагаа явуулснаасаа хойш долоон жил болж буй тус компани 2011 онд Бичигтийн боомт хүртэл тавина хэмээн үзэглэсэн замаа өнөөг хүртэл бариагүй. Засгийн газартай гэрээ хийсэн гээд аймаг, орон нутгийн захиргаа, байгууллагуудын шаардлагыг үл тоодог энэ компани өдгөө нефть тээвэрлэх явцдаа 31 салаа зам үүсгэжээ. Одоогоор 521 цооног өрөмдсөнөөс 449 тос усны цооногийг ашиглалтад оруулж, өнгөрсөн онд л гэхэд 3.067 сая баррель буюу 410 тонн газрын тос олборлосон байна.

БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ ХЭВЭЭР ҮРГЭЛЖҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭНГҮЙЛЭН ХҮСЛЭЭ

УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй Ажлын хэсэг зүүн аймгуудад ажилласны гол зорилго нь “Петрочайна Дачин Тамсаг”-ийн үйл ажиллагаатай танилцах байв. “Рио Тинто”-г бодоход хөрөнгө оруулалтын хэмжээ бага, түүхий эдээ хэдийнэ борлуулж, ашиг олоод эхэлчихсэн, урд хөршийн 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компани “Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа урт, төслийн эдийн засгийн үр ашиг бага. Долоон жилийн хугацаанд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн боловч нөхөн төлөгдөөгүй хөрөнгө оруулалтын хэмжээ 1.83 тэрбум ам.доллар болж байгаа. 2007 оноос хойш Гаалийн татвар, Нэмүү өртгийн албан татварын тухай хуульд удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулснаар газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд ашиглаж буй тоног төхөөрөмж, бараа материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, шатахуун, ажилчдын хоол хүнс, ахуйн болон хувийн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах болсон.

2010 оноос гадаадаас оруулж ирсэн ажиллах хүчний тоогоор ажлын байранд төлбөр ногдуулах болсон. Ойрын үед Монгол Улсын Засгийн газар Газрын тосны тухай хууль болон Газрын тухай багц хуулиудад их хэмжээний татвар хураамж оногдуулах, ашигт тосны хувь болон рояалтийн хэмжээг өөрчлөхөөр бэлдэж байна. Хэрэв эдгээр хуульд дээрх өөрчлөлт орвол компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болж, алдагдал хүлээхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтаа нөхөн олж чадахгүй байдал үүсэхээр байна” хэмээн УИХ-ын даргад танилцуулж сууна. Газрын тосны салбарт хууль эрх зүйн тогтвортой орчин бүрдүүлж, хоёр талын харилцан ашигтай, эдийн засгийн өгөөжтэй, хамтын ажиллагаа явуулах үүднээс Бүтээгдэхүүн хуваах гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна хэмээн нэмж хэлэв. Ерөнхийдөө Монголын Засгийн газар янз бүрийн татвар авч, биднийг шулж, төслийг ашиггүй болгож байна. Энэ янзаараа үргэлжилбэл бид төслийг зогсооно гэсэн санааг илэрхийлэв. Тус компани байгаль орчинд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь гурван шатны шүүхээр орж, орон нутгийн талд шийдэгдээд багагүй хугацаа өнгөрч буй.

Гэтэл Дорнод аймгийн төсөвт нэг ч төгрөг төлөхгүй явсаар байгаа. Энэ талаар “Петрочайна Дачин Тамсаг” компанийн байгаль орчны асуудал хариуцсан хуульч Ван Юнаас тодруулахад “Одоогоор энэ асуудал шийдэгдээгүй, Дээд шүүх шалгаж байгаа. Ер нь нэг нотлох баримттай, нэг асуудлаар гурван шүүхэд хандсан нь хууль зөрчиж байгаа хэрэг. Эхлээд Матад сумын нэг иргэн, аймгийн Засаг дарга шүүхэд хандаад өргөдлөө буцааж авсан. Тиймээс энэ асуудал одоохондоо шийдэгдэх боломжгүй” гэсэн хачирхалтай хариулт сонслоо. Чухам ямар хуулийн заалтыг зөрчөөд байгаа тухай лавлахад хуулийнх нь нэрийг орчуулагч нь ч тайлбарлаж чадахгүй байлаа. Дээд шүүхийн шийдвэр хэдийнэ гарчихаад байхад Дээд шүүхийг хүлээж байна гэснээрээ сохор зоос ч төлөх сонирхолгүй байгаагаа харуулав. Хар зам тавиагүй, 31 салаа зам гаргаж Бичигтийн боомтоор өдөрт 80-100 машинаар нефть зөөж байгаа атлаа бас Баянхошууны боомтын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаард лагатай байна хэмээн УИХ-ын даргад хүсэлт тавьсан. Бүтээгдэхүүн хуваах гэрээг хэвээр үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна гэсэн үгийг хэд хэдэн удаа хэлээд авсан. Уг гэрээгээр бол олборлосон тосны 40 хувийг “Петрочайна Дачин Тамсаг” компани хайгуул, олборлолтынхоо зардалд, үлдсэн 60 хувийг 60:40-өөр тус компани болон Засгийн газар хувааж хүртдэг. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах нь амин чухал байсан үед хийсэн гэрээ учраас нөгөө талдаа хэтэрхий ашигтай болсон хэрэг. Харин одоо бол харилцан ашигтай байх нь гол бодлого учраас гэрээг дахин нягтлах шаардлагатай гэдгийг УИХ болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Г.Уянга онцолсон. Тус компани 2013 онд 313 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 650 мянган тонн газрын тос олборлохоор төлөвлөжээ. Хэ рэв энэ нь биелбэл олборлолтоос 537 сая ам.долларын орлого олохоос Засгийн газар 120 сая, “Петрочайна Дачин Тамсаг” 350 сая ам.долларыг хүртэх бөгөөд тус компанийн нийт алдагдлын хэмжээ 1.46 тэрбум ам.долларт хүрэх гэнэ.

ЗАМ БАРИХГҮЙ БОЛ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ ГЭВ

Энэ бүх зовлон бэрхшээлийг сонссоны эцэст УИХ-ын дарга З.Энхболд “загатнасан газар маажиж”, даацтай хариулт өгсөн юм. Тэдний ярьсан хүндрэл бэрхшээл нь тус компанийн хүлээх эрсдэл, хариуцлага гэдгийг юуны өмнө анхааруулав. Долоон жилийн өмнө “Соко интернэйшнл ЛЛС”-тэй гэрээ байгуулахдаа тоглоомын дүрмийг хүлээн зөвшөөрсөн тул гэрээнд заасны дагуу ажиллахаас аргагүй гэд гийг сануулсан. “Жилийн өмнө ашиглалтад орох ёстой замыг одоо хүртэл бариагүй байгаа нь танай компанийн хариуцлагатай холбоотой. Цаашид зам барихгүй бол тээвэрлэлтийг зөвшөөрөх боломжгүй. Хуулиа мөрдөх ёстой. “Петрочайна Дачин Тамсаг” бол том компани. Тиймээс бизнесийн төлөвлөгөөгөө олон арван жилээр харж хийхийн оронд ойр зуурын юм ярьж болохгүй” хэмээн З.Энхболд дарга хэлэв. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тус компанийг зөвхөн зовлон тоочиж байгааг шүүмжилсэн бол Х.Болорчулуун гишүүн “Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орно. Гэрээ нь хуулийн дагуу харилцан ашигтай байж тогтвортой байх учиртай. Газрын тосны шинэ хуулиар орон нутагт үлдэх үр шим илүү нэмэгдэнэ. Өрмийг нь аваад, хусмыг нь үлдээж таарахгүй. Гэрээний зарим зүйл Монголд ашиггүй байгааг дахин харах шаардлагатай” гэв. Тус компанид ажиллаж буй 300 гаруй монгол ажилчид арван сар хөөцөлдсөний эцэст энэ оны эхээр цалингаа “нэмүүлсэн”.

Өөрөөр хэлбэл, өмнө нь олгодог байсан хээрийн нэмэгдэл гэх өдрийн 10 ам.долларын 7.5-ыг нь үндсэн цалин дээр нь нэмж тооцож байгаа аж. Иймд үндсэн цалингаас суутгасан, хээрийн нэмэгдлийг шууд олгосноос ялгаагүй болж, ажилчдын гар дээрээ авч байгаа мөнгө огт нэмээгүй талаар монгол ажилчид УИХ-ын даргад дуулгаж, учир зовлонгоо ярьсан. Түүнч лэн 40 хоног ажиллаад, 20 хоног амрах нөх цөл нь ганц бие залууст гэр бүл зохиоход тушаа болохын зэрэгцээ залуу хосуудыг салахад хүргэж байгаа аж. Өмнөд хөршид амьдрах өртөг харьцангуй хямд. Харин тэр өртгийг бодолцож бус, Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын жишгээр ажилчдын цалинг олгох, тохилог орон сууцны хороолол, цэцэрлэг сургууль байгуулж, цаашлаад, гэр бүлээрээ амьдрах орчинг бүрдүү- лэх шаардлагатайг УИХ-ын дарга З.Энхболд анхааруулсан. “Цаасан ээр байгуулдаггүй нийгмийн лиценз гэж байдаг. Энэ бол ард түмнээс танай компанийн хийж бүтээсэнд өгөх үнэлэмж” хэмээн нэмж хэлээд хэрхэн хөрөнгө оруулдгийг нь харъя гэвэл “Энержи Ресурс”-ийн кэмпэд зочлоорой хэмээн урив. Эцэст нь ямар нэгэн зүйлийг шаардуулалгүйгээр, өөрсдөө хэр санаачилгатай ажиллахаас тус компанийн Засгийн газарт тавьсан олон асуудал хэрхэн шийдэгдэх нь хамаарна гэдгийг хэллээ. Ингэснээрээ “Петрочайна Дачин Тамсаг” компанийг шахаж байгаа хэрэг биш. Тус компанийн ачаар Монгол Улс нефть экспортлогч орон болж, Монголд газрын тосны үндэсний мэргэжилтнүүд бий болж, уг салбар хөгжиж буйг З.Энхболд дарга дурдахаа мартаагүй юм. Тамсагийн сав газраас олборлосон тосыг Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрт боловсруулаад сар бүр 10 мянган тонныг авах гэрээ хийгээд ирэх сараас авч эхлэх тухай сайхан мэдээг УИХ-ын дарга дуулгасан. Ингэснээр нефтийн бүтээгдэхүүний үнийг бууруулахад онцгой нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.

 

Монголчуудыг даажигнасан Оюутолгойн реклам

Otgoojargal's Blog

Энэ талхны ихэнх тал нь монголчуудын хүртэх хувь, харин өчүүхэн бага тэр хэсэг нь Рио Тинтогийнх.  Монголчууд үүнд сэтгэл дундуур байгаа юм. Яагаад гэж үү? Хэргийн учир нь бодит байдал яг эсрэгээрээ байгаад юм.

Ердөө 29-хөн хувийн ашгийн төлөө 30-40 жилийн турш монголд ажиллахаар хөрөнгө оруулна гэвэл та үнэмших үү? Нөөцийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүр жагсдаг /Чилийн дараа 2-рт бичигдэх / Оюутолгой шиг ийм том ордоос олох ашиг нь ердөө 29 хувь гэдэгт  итгүүлэх гэж байгаа бол монголчуудыг тэнэг гэсэнтэй л агаар нэг юм.

Оюу толгойн зэсийн ордын ашиглахаар Рио Тинто компани (ОТ-д хөрөнгө оруулагч) Монголын ЗГ- хоёрын хооронд 2009 онд байгуулсан гэрээнд ашгийн 34 хувийг Монголын тал, 66 хувийг нөгөө тал авахаар тохирсон юм.

Баялагийн эзэн бид газар нутаг хөрс шороогоо эргэлт буцалтгүй эвдүүлээд үлдэх атлаа яагаад ийм шударга бус хуваарилалтыг зөвшөөрөх ёстой вэ гэж иргэд, ИНБ-ууд тэмцэл хөдөлгөөн өрнүүлсээр гурван жил өнгөрч байна.  Гэрээг дахин эргэн харж хэлэлцэе гэсэн саналууд…

View original post 692 more words

Нөхөн төлбөр гаргуулахад ИНБ, иргэдийн дуу хоолой хүчтэй нөлөөлсөн

Ногоон цөм байгууллагын хамт олон өнгөрсөн оны 4-10-р сард Дорнод аймгийн Матад сумын иргэдтэй хамтран Петрочайна Дачин Тамсаг компанийн үйл ажиллагаа болон байгаль орчны нөхөн сэргээлтийн ажилд нутгийн иргэд хэр сэтгэл ханамжтай  талаар мониторинг судалгаа хийж, энэ хугацаанд хийсэн уулзалт, ярилцлага, судалгааны дүнгээ тус сайт дээр нийтэлсээр ирсэн.

Судалгааны явцад иргэд газрын тосны тээвэрлэлт олборлолтын уршгаар хөрс шороо, байгалийн унаган төрх эвдэгдэж байгаа тухай болоод хамгийн гол нь газар нутгаас нь баялагыг нь  авч байгаа атлаа орон нутгийн иргэд яагаад өнөө хүртэл ажлын байргүй, Матад сум гэрэл цахилгаангүй  зүүн бүсийн хамгийн ядуурал ихтэй, алслагдмал суурин хэвээр байдаг юм бэ гэдгийг Засгийн газар, холбогдох яам агентлаг, олон улсын байгууллагын  анхааралд  өртөхүйц түвшинд гаргаж тавьсан билээ.

Түүнчлэн бид судалгаа мониторинг хийсний дараа 2011 оны 9-р сард МҮОНТВ-ээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, төрийн болон ТББ-уудтай эрчимтэй хамтран ажилласны дүнд өнөөдөр Матад сумын иргэд гэрэл цахилгаантай болж, газрын тосны Петрочайна Дачин Тамсаг компани байгаль орчны нөхөн сэргээлтийн нөхөн төлбөрт 1,4 тэрбум төгрөгийг Матад сумын төсөвт оруулах шийдвэрийг шүүхээс гаргуулж чадлаа. Иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн хамтын ажиллагаа ийнхүү нааштай үр дүнд хүрч болдог, төр засгийн шийдвэрт нөлөөлж болдогийн тодорхой нэгэн жишээ  энэ бөлгөө.

судалгааны явцБиднийг анх мониторинг төслөө эхлээд судалгааны ажлаар Матад суманд очиж байхад сумын Засаг дарга Наранцэцэг ” … шүүхэд гаргасан нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг бид буцааж татах гэж байгаа… ” хэмээн ярьж байсан нь бичлэгтэйгээ баримт болон энд үлдсэн буй. Хэдэн сарын турш иргэд олон нийтийн байгууллагатай харилцан мэдээллээ солилцож, судалгаа явуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн энэ сэдвийг удаа дараалан хүчтэй хөндөж тавьсан үр дүнд шүүхээс буцаан татах гэж байсан нөхөн төлбөрийн асуудал дахин сөхөгдөж, эцэст нь шүүхийн шийдвэр иргэд, ИНБ-ын талд гарсан билээ. Энэ бол бидний ажлын үр дүн гэж бүрэн хэлэх үндэслэлтэй.

Иргэдийн дуу хоолойг аль болох өргөн хүрээнд сонордуулах, чих хатуу төр засгийнхныг анхаарлыг татах, мэдээллийн ил тод байдлыг хэрэгжүүлэх нэгэн алхам болгож нээсэн энэхүү мониторинг мэдээллийн сайт зорилгоо сайн биелүүлсэн гэж үзэж байна. Өнөөдөр гадаад дотоодын олон арван уншигч эл сайтад байнга зочилдог, судлаачид, оюутан залуус идэвхтэн дэмжигчдийн байнгын хэрэгцээт цахим хуудас болоод байна.

Бидний ажлын үр дүнг Монголдоо төдийгүй олон улсын  мэдээллийн сүлжээ байгууллага www.rising.globalvoicesonline.org хүртэл тодорхой бичсэн байна. Ногоон цөм тбб Монголын байгаль орчины доройтлын талаар дэлхийд дуу хоолойгоо хэрхэн хүргэж буй талаар бичснийг  та  бүхэн энд дарж орж үзээрэй.

Монгол газрын тосны дарга нар “Петрочайна дачин Тамсаг”-ийн Хятад дахь төв оффист нь тайлангаа …тавьдаг

http://economy.news.mn/content/123540.shtml -ээс “Петрочайна дачин Тамсаг” Монголд дэндүү дээрэлхүү ханддаг тухай мэдээллийг бүрэн эхээр нь үзээрэй.

Энд “Манайхан “Петрочайна”-гийнхаа тайланг сонсохын тулд Хятадад очдог” гэсэн хэсгийг нь орууллаа

Хятадын төрийн мэдлийн компани болоод ч тэр үү “Петрочайна дачин Тамсаг” ХХК Монголд дэндүү дээрэлхүү ханддаг. Ямар ч том сайд, дарга нар Дорнод аймагт ажиллахдаа заавал “Петрочайна дачин Тамсаг” ХХК руу очно. Сүр дуулиан болгож, маяакаа дуугарган очдог ч юу ч шийдэж чадалгүй, кемп дотор нь бүлтийтэл тэнэж байгаад л эргээд давхилдана.

Ингэж явах замдаа Матад суманд саатна гэж үгүй. Уг нь “Петрочайна дачин Тамсаг” ХХК руу очихын тулд заавал Матад сумын төвөөр дайрч гардаг юм билээ. Улсынхаа зүүн аймагт ажиллаж яваа дарга нар маань Матад суманд хөл тавилгүй Хятадын эзэмшил болчихсон Тамсагийн орд руу яарахын учир юу вэ.

Бас нэгэн сонирхолтой, цочмоор мэдээлэл бий. Монгол талын газрын тос, эрдэс баялгийн чиглэлийн дарга нар “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн Хятад дахь төв оффист нь очиж, тайлангаа тавьж, компанийн мэдээллийг сонсдог гээд бод л доо. Энэ үнэн шүү. Арай л манай Засгийн газрын нэр бүхий сайд нар компанийн удирдлагуудтай уулзахын тулд өөрсдөө Хятадын төв оффис дээр нь очсон гээгүй байгаа даа.

Иргэд, ИНБ заргаа авч, Дачин Тамсаг 1,3 тэрбум төгрөгийг Матад суманд төлөхөөр болов

Ногоон цөм

Байгаль хамгаалахын төлөө дуугардаг, тэмцдэг иргэд, төрийн бус байгууллагуудын хувьд нэгэн тэмдэглэлт үйл явдал өчигдөр боллоо. Сүүлийн бараг арваад жилийн турш яригдсан Тамсагийн сав газрын байгаль орчны доройтол, Петрочайна Дачин Тамсаг компанийн хууль зөрчсөн үйл ажиллагааг илчилсэн, бичсэн, тэмцсэн бүх хүмүүст энэ мэдээлэл хамаатай юм. Учир иргэний тэмцэл ялалтад хүрч болдогийн жишээг энэ удаагийн шүүх хурал харуулсан юм.

шүүх хурал дээрИнгээд “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл”-ээс ирүүлсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

“Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д холбогдох иргэний хэргийг БЗД-ийн шүүх 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14:00 цагт хянан хэлэлцэж, шөнийн 00 цагт шийдвэрээ гаргалаа.

Тус шүүхийн шийдвэрээр “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК нь Дорнод аймгийн

Матад сумын Буян-Өндөр багийн нутагт газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүйг тогтоож, байгаль орчинд учруулсан 1,3 тэрбум төгрөгийг гаргуулж Матад сумын төсөвт олгохыг даалгав.

View original post 495 more words

Нийгмийн хариуцлагын талаарх мэдлэгээ хуваалцах өдөрлөг

SACLAp http://www.facebook.com/v/423786404305722

“Петрочайн Дачин Тамсаг” 650 ам.км газар нэмж авахыг хүсчээ

http://www.mongolnews.mn/p/29735

Төв Азийн хялганат хээрийн хэв шинжийг бүрэн хангасан, тал хээрийн жинхэнэ экосистем Дорнод Монголын алдарт Мэнэнгийн талд хадгалагдан үлдсэн юм. Харамсалтай нь хар алтны арвин их баялгаасаа болж өнөөдөр Монголд байтугай дэлхийд ховордсон байгалийн энэ үзэсгэлэнт нутаг устаж үгүй болох цаг ирсэн бололтой.

petrochine dachin tamsag-n barilga

petrochine dachin tamsag-n barigdaj bui barilga

 

Дорнод Монголын дархан цаазат энэ газрын орчмоос Тамсагаар овоглосон газрын тосны их хэмжээний нөөц бүхий сав га зар эхэлдэг. Энэ нь нааш Сүхбаатар, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр үргэлжилдэг бөгөөд сүүлийн 10 гаруй жил 20 орчим компани газрын тосны энэ судал дагуу хайгуул, олборлолт явуулж байгаа юм.

Үүнээс БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компани хайгуул, олборлолтоороо тэргүүлж, 2010 оноос үйлдвэрлэлийн олборлолтод албан ёсоор шилжсэн. Үүнтэй холбогдуулан Газрын тосны газар /ГТГ/ болон “Петрочайна Дачин Тамсаг” компанийн удирдлагууд 2011 оны зургаадугаар сарын 24-нд Тамсагийн сав газрын “Тосон-Уул XIX” талбайд ашиглалтын талбайн хэмжээг нэмж тогтоохоор хэлэлцэн тохиролцжээ. Энэ дагуу тус компанид 650 ам км газар нэмж өгөх эсэхийг Засгийн газраар хэлэлцүүлэхээр, танилцуулгаа хүргүүлээд байна.

Эх сурвалжийн хэлснээр ГТГ болон “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн энэ тохиролцоог ЭБЭХЯ дэмжжээ. Харин бусад яам одоогоор судалж байгаа бололтой. Хэрэв үүнийг Засгийн газар дэмжвэл Мэнэнгийн талыг там болгосон энэ компани 650 ам км газар нутгийг маань дахин сүйтгэх эрхтэй болно. Тиймээс Засгийн газар, Газрын тосны газар гэх хоёрхон субьекттэй харьцдаг, тэднээр өөрийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэрийг гаргуулж дөнг өдөг энэ компанийн нууц тохиролцоог олон нийтэд хүргэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ компани өнгөрсөн хугацаанд олон зуун мянган баррель нефтийг Мэнэнгийн талаар зөөхдөө байгаль орчин эко системийг нь нөхөгдөж, сэргээгдэшгүйгээр бохирдуулж хордуулсан. Олон зуун өрөм зоож, хөрс шороог нь хар алтныхаа хаягдал шингэнд намаг шалбааг болтол нь бохирдуулсан атлаа өнөөдрийг хүртэл үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй.

“Мөнх Оргил трейд” компанийн газар дээр нь ажиллаж 2010 оны есдүгээр сарын 20-нд гаргасан шинжээчийн дүгнэлтээр Матад сумын газар нутагт 1.3 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. Байгаль орчны эсрэг энэ гэмт хэргийг нь өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхээр хэлэлцэх гэж буй. Гэтэл ГТГ болон ЭБЭХЯ үүнийг нь үл тоон “Петрочайна Дачин Тамсаг” компанид талбай нэмж өгөхийг дэмжсэн нь ямар учиртай юм бол?

Уурхайн эдэлбэр газар гэх тодотголтой 650 ам км талбай гэдэг бага газар биш. Дэлхийн байгалийн хийн нөөцийн 15 хувийг эзэмшиж буй Катар 160 км урт, 55-80 км өргөн газар нутагтай. Гэтэл “ Петрочайна Дачин Тамсаг” үүнээс дутахгүй газрыг дахин нэмж авахыг хүсч байна?!

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайханы гаргасан 2011 зургаадугаар сарын 29-ний 111 тоот тушаалаар ГТГ-даргын 2010 хоёрдугаар сарын 22-ны өдрийн 18 тоот тушаалаар газрын тосны ашиглалт явуулахыг зөвшөөрсөн талбай дээр нэмж, “Тосон Уул XIX” талбайн хавсралтад дурдсан талбайд үйлдвэрлэлийн олборлолт явуулж эхлэхийг “Петрочайна Дачин Тамсаг”–т зөвшөөрчээ. Гэхдээ үйлдвэрлэлийн олборлолт явуулах энэ талбайгаас бусад талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7.2 дахь заалтаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох, дээрх талбайд 2011 ондоо багтаан байгаль орчны нөхөн сэргээлт хийж, хүлээлгэж өгөхийг даалгасан байх юм. Үүнээс өмнө 2010 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн тушаалаараа тэрбээр мөн л байгаль орчны нөхөн сэргээлтийг 2010 оны наймдугаар сард багтаан хүлээлгэн өгөхийг даалгаж байжээ. Гэтэл Монголын талаас хяналт тавьж хамтран ажиллах ёстой ГТГ-ын даргын хоёр ч удаагийн энэ тушаалыг “Петрочайна Дачин Тамсаг” компанийнхан үл ойшоож, өнөөдрийг хүртэл байгаль орчныг стандартын дагуу нөхөн сэргээгээгүй байна.Тэгсэн атлаа нэмж газар авах хүсэлтээ Засгийн газарт өгсөн нь давраад байна уу, яагаад байна вэ?

Тус компанийнхан өнгөрсөн онд Буйр-XXII газрын тос олборлох талбайг Монгол Улсад буцаан өгөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан “Петрочайна Дачин Тамсаг” компаниас нөхөн сэргээлт болон 1998 оноос хойш олборлосон 5.3 сая баррель нефтиэс нь нөхөн төлбөр авах талаар хэлэлцэж байсан. Гэтэл энэ асуудал өнөөдөр мөн л нам дарагдсан. Тиймээс Монголын байгаль орчинд халтай, орон нутагт үр өгөөжгүй ийм компанид ганц төө ч газар нэмж олгох ёсгүй.

Уг нь “Петрочайна Дачин Тамсаг”-ийн толгой компани болох CNPC нь БНХАУ-д тэргүүлдэг үндэсний хэмжээний газрын тосны корпораци юм билээ. Газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг ба Казахстан Индонези, Иран, Малайз зэрэг орны газрын тосны 23 сав газарт үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл бий. Тэд АНУ-ын “СОКО Интернэшнл” ХХК-ийн Кеймэний аралд бүртгэлтэй “СОКО Тамсаг Монгол (XIX)” ХХК-ийн хувьцааны 94,4 хувийг 93 сая ам.доллараар худалдан авснаар Монголд газрын тосны үйл ажиллагаа явуулах эрх авсан аж. Тус компанийн танилцуулгад бичсэнээр “ТосонУулын XIX талбайд нийт 532 цооног өрөмдөн 875.2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30- ны байдлаар 7.08 сая баррель буюу 945.765 мян.тонн түүхий тос олборлож, 6.91 сая бар рель буюу 923.056 мян.тонн газрын тос өмнөд хөршид экспортложээ.

Одоогийн байдлаар 100-110 цооногоос хоногт дунджаар 7500 орчим баррель буюу 1000 тонн газрын тос олборлож байгаа юм байна. Тус компани нь олборлосон түүхий тосоо БНХАУ-ын Рашаантын түүхий тос хүлээн авах цэгт хүргэн улмаар тос дамжуулах хоолой, төмөр замаар тээвэрлэн Хөх хотын газрын тос боловсруулах йлдвэрт нийлүүлдэг байна. Үүнээс үзвэл Петрочайна Дачин Тамсаг” компани Монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулахгүй бололтой. Уг нь бүттээгдэхүүн хуваах гэрээний дагуу “Петрочайна Дачин Тамсаг” Монголд үйлдвэр байгуулах үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл тэд манайд шахалт, шаардлага тавьж ирлээ. Харин бид үйлдвэр бариулах нь байтугай байгаль орчныхоо нөхөн төлбөрийг ч нэхэж чадахгүй тал зассаар ирлээ. Цаашид энэ хэвээр газрын тосоо түүхийгээр нь зөөлгөсөөр, газар нутгаа ухуулсаар хоосон үлдэх үү?

Монголд байтугай дэлхийд ховордсон хялганат хээр Мэнэнгийн талынхаа нөхөн төлбөрт газрын тосны үйлдвэрийг “Петрочайна Дачин Тамсаг”-аар бариулж яагаад болохгүй гэж .

Газрын тосны хуулинд өөрчлөлт оруулахыг шаардав

http://www.youtube.com/watch?v=cy49DXSbyCQ